Загрузка страницы

ТҮҮХИЙГ НЬ УНШСАНЫ ДАРАА БИЧЛЭГЭЭ ҮЗЭЭРЭЙ

1931 онд төрсөн 86 настай энэ буурлыг Улана Санжийн Нямаа гэдэг. Халимагийн Элиста хотод амьдардаг. Очирын Номтын нэрэмжит Халимаг улсын буяны хандивын “Өв” сангийн тэргүүн. Халимагтаа Цагаан ээж, Олны ээж, Нямаа ээж хэмээн алдаршсан тэрээр одоогоос 25 жилийн тэртээ 1992 онд өвөг дээдсийнхээ түүхийг сэргээх, Баатар цагаан хааны үеийн цагаан ястай ноёдын хэлмэгдсэн түүхийг судлах, нэр төрийг нь сэргээх, цагаатгуулах ажлыг хийхээр нагац ах Очирын Номтын нэрээр нэрлэгдсэн буяны хандивын “Өв” санг байгуулжээ. 1800-гаад оны сүүлчээр Цорос овгийн ноёд ядүү зүдүү гэж ялгалгүй эрдэм мэдлэг сайтай хүүхдүүдийг сонгон сургуульд сургахаар явуулахад Очирын Номт тэдний эгнээнд багтсан түүхтэй ажээ. Улмаар дэлхийд анх удаа Жангар туулийн 10 бүлгийг бүрэн эхээр нь бичин авч Халимагийн бага дөрвөдийн нутгаас дэлхийн урлагийн өвд үлдээх анхны суурийг нь тавьж, олон улсын эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулсан бичгийн их хүн байжээ.
Нямаа эмээ 200-гаад жилийн түүхтэй тугны зэв/бумба/ авч яваа нь ихээхэн сонирхол татлаа.
Түүх сөхвөл: 1812 оны Орос Францын дайнд Оросын цэрэгт багтсан Халимагийн 3 морьт хороо /Торгууд, Дөрвөд, Хошууд/ баатарлаг гавъяа байгуулан ялалт авахад түүхэн үүрэг гүйцэтгэн улмаар Парисыг эзэлсэн түүхтэй. Дөрвөдийн морьт хороог тайж Джамбо Тундутов ноён ахлан Охин тэнгэр буюу Лхам сахиусыг билгэдсэн дайчин тугтай явсан ба дайн дуусахад гавъяаг нь үнэлэн Оросын баатраар өргөмжилсөн байна. Энэ ноёны удмын хамгийн сүүлчийн ноён Дандан Октябрийн хувьсгалаас зугтаж европ руу дүрвэн гарахдаа өөрийн баруун гар болох дотны анддаа өвөг дээдсийнхээ дайчин тугны зэв /бумб/-ийг үлдээгээд явсан нь энэ эмээгийн аав Улана Санж байжээ. Улана Санж 1917-1943 оныг хүртэл байшингийнхаа ханан дунд шавардан гадны нөлөөнөөс хамгаалан хадгалж байгаад хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч бусдаас нууж, хамгаалан явсаар төрсөн охин Нямаад өвлүүлсэн нь өдийг хүртэл хадгалагдан үлджээ. Энэхүү билэг дэмбэрэлтэй, түүхийн өв болон үлдсэн өвөг дээдсийнхээ дайчин тугны бумбыг залсаар Нямаа эмээ 400 гаруй жилийн тэртээ салж одсон ахан дүүстэйгээ уулзахаар Увс аймагт хүрэлцэн ирсэндээ туйлын их баяртай байгаагаа хэлж байлаа.
МУ-ын ерөнхийлөгчийн урилгаар 5 хоногийн айлчлал хийж байгаа тэрээр Улаанбаатар хотноо ЭЗЭН БОГД Чингис хааны болон Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Гандантэгчилэн хийдэд Зонхов бурханд мөргөж, Налайх дүүргийн Сайн номун хийдэд зочилж, 13-р зуун, Цонжин болдог зэрэг түүхэн газруудыг үзэж сонирхжээ. Улаанбаатар хотод байх үеэр УИХ-ын гишүүн, Монгол Халимагийн парламентийн бүлгийн дарга О.Батнасан хүлээн авч уулзсан байна. 6-р сарын 9-нд Увс аймагт хүрэлцэн ирсэн бөгөөд Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар хүндэт зочдыг хүлээн авч уулзан дурсамж яриа өрнүүлж, дурсгалын зүйлс гардуулан Увс нутагт дахин зочлохыг хүслээ. Монгол улс, Увс аймагт айлчлахад түүх соёл, хэл бичиг судлалын Тод номын гэрэл төвийн захирал Б.Бат-Амгалан болон тэдний хамт олон ихээхэн үүрэг гүйцэтгэснийг зочид онцолж байлаа. Увс аймгийн Улаангом сумын төв талбайд сүндэрлэх Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн нулимсаа барьж чадахгүй мөргөж байсан энэ буянтай буурлын нэгэн хүсэл биелэсэн гэлтэй. Халимагийн ард түмэнд болон Нямаа эмээ, түүнийг дагалдан яваа зочиддоо сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Видео ТҮҮХИЙГ НЬ УНШСАНЫ ДАРАА БИЧЛЭГЭЭ ҮЗЭЭРЭЙ канала Людмила Старостина
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
7 июля 2017 г. 23:42:43
00:05:16
Яндекс.Метрика